

Миланы загварын долоо хоног
Италийн Милан хотноо 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Монголын ноос, ноолуурын салбар амжилттай оролцлоо. Дэлхийн загварын салбарын чиг хандлагыг тодорхойлогч энэхүү арга хэмжээний хүрээнд "Fashion Hub" төсөлд Монгол Улсыг төлөөлөн үндэсний үйлдвэрлэгчид, дизайнерууд оролцож, Монгол ноолуурын давуу тал, тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг онцоллоо.

Fashion Hub-ийн гурав дахь өдөр Монголын дизайнерууд Италийн хувцас загварын чиг хандлагын зөвлөх Orietta Pelizzari-тай хамтран "Ноолуур – Тогтвортой, удаан эдэлгээтэй, байгальд ээлтэй материал" сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж, залуу хэрэглэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй зах зээлд монгол ноолуур хэрхэн үнэ цэнээ хадгалах боломжтой талаар ярилцлаа.

Монголын ноолуурын салбарын оролцоо нь тогтвортой үйлдвэрлэл, чанартай түүхий эд, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг бөгөөд цаашид олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Миланы загварын долоо хоногт Монголын ноос, ноолуурын холбоо ерөнхий зохион байгуулалтаар ажиллаж, Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Гадаад харилцааны яамны ITDM төсөл, ХХААХҮЯ хамтран дэмжин оролцсон нь Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын зах зээлд сурталчлах чухал алхам болов.

















