

ГОЁЛ КАШМЕР ХХК НЬ "МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ" ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Монгол ноос, ноолуур, бусад ширхэгтийн чанар, давуу талыг дэлхийд таниулахаар “Монголын Хаан Ширхэгт” /МХШ/ тэмдгийг хөгжүүлж байна.
Монгол мал нь дулаанаа онцгой сайн хадгалдаг, ер бусын зөөлөн шинж чанартай ноос, ноолууртайгаас гадна бусад орны малынхаас илүү туяалаг, гялалзсан, амьд өнгөтэй, ширхэгт бүтээгдэхүүнд байгалийн өнгөний өвөрмөц хослолыг бий болгож, ширхэгтийн нарийн нь сүлжмэл, нэхмэл эдлэлийн хөвсгөр, зөөлөн, дулаан чадварыг бий болгоно. Ширхэгтийн химийн найрлага, физик бүтэц нь тухайн ширхэгтэд байгалиасаа чийг алдах ба хадгалах, үнэр шингээх, уян хатан зэрэг шинж чанаруудыг үүсгэдэг. Иймд Монголд үйлдвэрлэсэн онцгой тансаг зэрэглэлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг ялгаж, чанарыг нь гэрчлэн баталгаажуулах үүднээс “Монголын Хаан Ширхэгт” /МХШ/ тэмдгийг шалгуур хангасан байгууллага болон бүтээгдэхүүнүүд дээр сорчлон олгож эхэлсэн билээ.

Бүтээгдэхүүндээ эрх авах байгууллага нь бүтээгдэхүүнд тавигдах стандартууд, үйлдвэрлэлийн явц, чанарын тогтолцоо зэрэг Баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг ханган Баталгаажуулалтын албаар тохирлын үнэлгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой ба ГОЁЛ КАШМЕР ХХК нь баталгаажуулсан бүтээгдэхүүндээ “Монголын Хаан ширхэгт – MNF S2” тэмдгийг ашиглах эрх бүхий лицензийн гэрээ байгуулж, гэрчилгээгээ хүлээн авлаа.
ГОЁЛ КАШМЕР ХХК нь 2005 онд ноос ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдан, дотоод гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн 20 дахь жилдээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний шилдэг татвар төлөгч байгууллагуудын нэг юм.
Чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээр харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар эдүгээ дэлхийн техник технологи, инновацыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 8000 нэр төрлийн загвараар 300,000 гаруй бүтээгдэхүүн үйдвэрлэх хүчин чадалтай, 250 гаруй чадварлаг хамт олонтойгоор Нийслэл хотод 5 салбар дэлгүүр, хөдөө орон нутаг 4 салбар дэлгүүртэйгээр Монгол улсын ноос ноолууран салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн GOYOL CASHMERE бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл Ба Эко Тэмдэг Төсөл, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын үйл ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан, тогтвортой үйлдвэрлэлийн удирдамжийг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн компаниудад “Батламж”-ыг гардуулж байгаа билээ.
Энэхүү батламжийн хүрээнд “ГОЁЛ КАШМЕР ХХК” нь байгаль орчинд ээлтэй, уур амьсгал, ус цахилгааны хэмнэлттэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаагаа баталгаажуулан ‘ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” MNS 6926:2021 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА.

Энэхүү гэрчилгээг авснаар үйлдвэрлэлийн арга барил, бизнесийн загвар, хандлагаа өөрчилж, үлгэр жишээ үзүүлэн, байгаль орчин, ёс зүйтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, дэлхийд танигдаж чадваас хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд ноос, ноолуурын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

















