

Earth Day 2022 | Эх дэлхийдээ хөрөнгө оруулъя
"Яг одоо бол бидэнд үлдсэн сүүлчийн боломж."
Бизнес хийдэг арга барил, засагт дэвшүүлдэг бодлого, мөрийн хөтөлбөр, мөн хаа сайгүй нүдэнд үзэгдэх “байгальд ээлтэй” гэх тодотголтой юм бүхнийг эргэн харж, нухацтай тунгаан, үнэхээр бодит нөлөөлөл бий болгож буй эсэхийг эргэцүүлье. Өөрсдийн эрүүл мэнд, гэр бүл, үр хойчийнхоо төлөө ямар нэг зүйл хийж чадах сүүлийн боломжит хугацаа нь яг одоо гэдгийг ухамсарлан зоригтой өөрчлөлт хийцгээе.

Дэлхий дахинаа 1970 оноос 4-р сарын 22-ны өдрийг “Эх дэлхийн өдөр” хэмээн тунхаглаж, жил бүр 193 орны 1 тэрбум гаруй хүн тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэвч энэхүү 52 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.82С, харин манай улсад энэхүү тооноос даруй 3 дахин хурдацтай буюу 2.26С хэмээр нэмэгджээ. Энэхүү уур амьсгалын дулааралт, мөн та бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 2020 онд л гэхэд манай улсын 586 гол ширгэж, 1522 булаг хатаж үгүй болсон ба эдгээрийн дийлэнх нь ахин хэзээ ч сэргээгдэхгүй гэсэн харамсалтай тооцоолол гарчээ. Ундны цэвэр усаа гаднын улсаас импортлон худалдаж авдаг болох хөөрхийлөлтэй ирээдүй магадгүй таныг биш ч, хүүхдийг тань хүлээж байж болох.

Эх дэлхийгээ хайрлах хариуцлагынхаа хүрээнд Гоёл Кашмер ХХК нь бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнд барих зорилгоор цөөн тооны ямааг үр ашигтайгаар маллан самнаж, нэг ямаанаас гарах цэвэр ноолуурын түвшинг хамгийн өндөрт байлгах стандартыг хангасан буюу Тогтвортой Ноос Ноолуурын Эвслээр баталгаажсан малчид, хоршоодоос түүхий ноолуураа авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай хамт олон өдөр тутмын үйл ажиллагаандаа ч байгальд ээлтэй дадлуудыг алхам алхмаар мөрдөн нэвтрүүлж, байгальд бүрэн шингэдэг, нөхөн сэргээгддэг баялгаар танд сэтгэл ханамж авчрах, гайхалтай урласан ноолууран эдлэлийг бүтээж байна.

Эцэст нь бусад аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс та бүхнийг “Эх Дэлхийдээ Хөрөнгө оруулах”-ыг уриалж байна. Хуванцрын хольцтой материалаар хийгдсэн өнгө загвар нь хуучирч, хаягдах хямд хувцаснаас илүү олон жил хэрэглэгдэх, үнэ цэнээ алдахгүй бөгөөд байгальд бүрэн уусан шингэх ширхэгтээр бүтсэн хувцсыг хэрэглээндээ нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.

















